Tuesday, May 29, 2007

Ардчилсан намыг амтлахын учир




Энэ улс төрийн хүчнүүд гэдэг чинь хүмүүсийн нэгдэл юм. Цаана нь хүн л байгаа хэрэг. Угтаан бол улс улс орны хөгжлийн өнөөгийн байдал сайн буюу муу байх нь МАХН-аас хамаарч байна гэхээсээ илүү МАХН-аар дамжуулан удирдах эрхийг олж авсан Ц.Нямдорж, М.Энхболд, С.Баяр, Ч.Улаан, Т.Бадамжунай, Д.Тэрбишдагва зэрэг хувь хүмүүсийн оюуны цараа, эх оронч сэтгэлгээ, ажлын чадвар, хүний жудаг, зарчимч чанар, ёс зүйн төлөвшлөөс шууд хамааралтай юм. Сонгинохайрхан дүүргийн төрийн байгууллагын ажлын сайн муу байх нь МАХН-аас хамаарч байна гэхээсээ илүү намын эрх мэдлийг авсан Засаг дарга Б.Найдан, ИТХ-ын дарга Д.Баярсайхан, хорооны засаг дарга нараас шууд хамааралтай. Төрийн мөнгө идсэн уусан, баяжсан, ядуурсан тухай яриад байвал эцэс төгсгөлгүй бололтой. Хууль зөрчиж баяжсан уу? Хууль зөрчсөн учраас ядуураад байна уу? Ядуурлыг ард түмэн өөрсдөө бий болгосон уу, аль эсвэл хэсэг бүлэг хүн, улс төрийн хүчин бий болгов уу? Буруутан нь хэн бэ? Тэр буруутанг хэн сонгож, хэн боломж олгов гэх мэтээр ухаж төнхөж, ургуулан бодоод байвал эцэстээ сонголт хийхдээ хүнээ хэр зэрэг таньж сонгов гэсэн асуулт руу өөрийн эрхгүй очиж, сонгосон сонгуулсан хоёр хоёулаа буруутах бололтой. Хүнээ таних, хүнээрээ дамжуулан намаа таних асуудалд улс төрийн бүх хүчин иргэдэд боломж олгож өөрсдийнхөө чадвар, ёс жудаг, хүн чанарын талаар амтлуулах ёстой. Иргэд мэдээлэл багатай байх аваас сонголтоо оновчтой хийж чадахгүй. Сонголт оновчгүй байх аваас 4 жилийн турш халуун чинжүү эсвэл хольцгүй талх, дасгүй хоол идэхэд хүрнэ, нийтээрээ хожигдоно.Улс орныг удирдах хүмүүсийн ёс зүйн асуудалд өндөр шалгуур тавихгүй бол бид өөрсдөөхөө үр хүүхэд, улс орныхоо хувь заяагаар тоглоход хүрнэ. Хүмүүсийн өнгөний гоё, үгийн урангийн цаана хийсэн үйлүүд, хэлсэн үг, ааш аяг, ирсэн зам, сурсан дадал, итгэл даах чадвар бүр цаашилбал удам угсаа /Энд Хятад, Монголын эрлийз гэсэн ойлголтоор биш харин бидний таних гээд буй хүний төрөл төрөгсөд ямархуу ноён нуруутай, хүн чанартай вэ гэдэг талаас нь/ олон асуудалд үнэлгээ өгөх ёстой. Сонгогчид бид төрөө өрөнд оруулсан луйварчин засгийн хөрөнгийг албан тушаал эрх мэдлээрээ далайлган идэж уугч, авилгал авч хөлжиж баяжсанаараа байнга цоллуулагч этгээдүүдийг сонгосоор байгаа нь тэднийг бага мэдэж алдаж үнэлснийх. Нэр цэвэр хүн л төрийг цэвэр байлгаж чадна. Ёс зүйтэй хүн л хуулийг чандалж чадна. Муу зуршилд автсан этгээдэд төрийн хэргийг даалгах нь Чононд хонио хадгалуулахтай утга нэг. Харамсалтай нь муу зуршилтангуудыг танихад маш хэцүү. Тэд бидний эрх мэдлийг, өмч хөрөнгийг, шууд биш аргаар аажмаар хумсалсаар гэмгүй сайхан царай, ааш аяг гаргасаар гагцхүү боломж тохиохыг отсоор байгаа. СХД-ийн Ардчилсан нам гэдэг нь үндсэндээ хүмүүс тэр дундаа намын дарга Л.Эрхэмбаяр, тус дүүргээс Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүнээр сонгогдсон Н.Алтахуяг, Н.Гантөмөр, С.Чойноров, Ц.Сосорбарам, Н.Батаа, Ө.Пүрэвбаатар, Г.Энхтайван, Д.Энхцэцэг, Т.Мягмаржав, Т.Болдбаатар, С.Энхтуул нарын хүмүүсээр ахлуулан үзэл бодлоороо нэгдсэн мянга мянган хүмүүсийн нэгдэл юм.Үнэн төрх нүүр царайгаа хүнээрээ дамжуулан иргэдэд таниулах нь ардчилсан нийгэм дэх улс төрийн хүчний үүрэг гэж СХД-ийн Ардчилсан нам ухамсарлаж байна. Ийм учраас иргэдэд таних боломж олгох үүднээс тус дүүргийн бүх хороонд “Ардчилсан намыг амтлах өдөр”-ийг зохион байгуулж байна. Ардчилсан намыг амтлах өдрийн хүрээнд манай намын сонгуульт гишүүд иргэдтэй чөлөөтэй уулзаж, залуу гэр бүл, залуучууд цалин хөлсөөрөө Монголдоо сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монгол хүн болж төрснийхөө төлөө Монгол газар шорооныхоо баялгаас /Оюу толгойн орд, Таван толгойн нүүрсний орд, Асгатын мөнгөний орд, Төмөртэйн орд гэх мэт/ иргэн бүр хувьцаагаар хувь хүртэх боломж Монгол улсын ирээдүй болсон хүүхэд бүрт олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх, гамшигийн байдалд байгаа Улаанбаатар хотоо хүний аюулгүй байдлыг хангасан хот болгон хөгжүүлэх, гэр хорооллын ард иргэдийн амьдралын нөхцлийг хэрхэн сайжруулах өнөөгийн нийгэмд нүүрлээд буй авилгыг зогсоох, төрийн ажил дахь хүнд суртлыг арилгах, төрийг нээлттэй ил тод болгох, хяналтгүй төрд иргэдийн хяналт тогтоох зэрэг олно нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар манай нам ямар бодлого баримтлах талаар манал бодлоо хуваалцах болно.

No comments: